Search This Blog

Thursday, December 20, 2012

МЭГЖИД ЖАНРАЙСАГ БУРХАНЫ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

Ямар нэгэн ядарсан Хаан хүмүүн бус Монголын 8-р Богд Живзундамба хутагтын мэлмий биеэ ихэд чилээрхэхэд нь энэрэл эх түмнийхээ сайн сайхныг билэгдэн анх бүтээсэн бөгөөд Хамгийн анх Жанрайсаг Бурханыг Монголын Анхдугаар Богд Занабазар бүтээсэн түүхтэй.
Жанрайсаг Бурханыг бүтээн босгох цаад утга нэн их билээ.

Жанрайсаг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлен харцаараа ертөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэчийн дүртэй. Мэгжид Жанрайсаг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн евчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
Жанрайсаг Бурхан хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирваанд хүргэхийн тулд, Паранирвааны их амгаланд орохоо хойшлуулсан хэмээдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдлэ хэмээн сургасан байдаг.

Жанрайсаг Бурхан хамаг амьтныг сансраас гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангараглажээ. Гэвч чармайлт зүтгэл хичнээн тавьсан ч аварваас зохих зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр буйг тэр үзээд тэдгээр олон амьтны эгээрлийг мэдэх гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагджээ.Амитаба Будда түүний энэ байдлыг болгоогоод гаслангийн дууг сонсож ойлгосноор, Жанрайсаг бурхан аврал эрсэн амьтан бүрд хүрч туслахаар зүтгэхэд 2 мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан дахиад л тусалж, зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ” хэмээсэн байна.

Их хөлгөний уламжлал ёсоор Жанрайсаг нь маш өндөр түвшний Бодьсадва бөгөөд, Ловон Бадамжунайн бошиго үзүүлснээр Далай лам ба Кармабагийн дүрүүд нь Жанрайсаг бурхны хувилгаан ажээ.

Жанарайсаг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” хэмээх тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.
Аяа хамаг амьтныг зовлонгоос аварч болгоо.
Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг хутагт Жанрайсагт чин сүжгийг үүсгэн уншаарай.
УМ МА НИ БАД МЭ ХУМ –д бурхны хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг.
УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарни нь бүхэлдээ “ Их энэрэл нигүүслийн бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн нийгүүсэхүйн сэтгэл хийгээд нигүүсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутгийг олохуйн адистыг соёрх оо.”

Мэгжид Жанрайсаг бурханаас цаглашүй гэрэл цацарч та тэргүүтэн хамаг амьтны биесийг гийгүүлэн элдэв өвчин эмгэг, эндүү үзэл, ад зэтгэрийн хорлол хйигээд нүгэл хилэнцийг ариусган байна хэмээн бодож энэхүү тарнийг уншиж бясалгаарай.

No comments:

Post a Comment