Search This Blog

Wednesday, December 19, 2012

ДОРЖЗОДВА СУДАРТ ГАРЧ БУЙ ЗАРИМ ХЭЛЗҮЙН ТАЙЛБАР ТОЛЬ

Үгзүйн тайлбар

1 – Шравасти (төвдөөр: Нян-ѐд) нь эртний Энэтхэгийн зургаан их хотын нэг, Косала улсын нийслэл байсан (одоогийн Энэтхэгийн Уттапрадеш мужийн нутагт), Бурхан багшийн үнэнч итгэн бишрэгч Анатхапиндад (төвдөөр: Гонмэд сайжин, монголоор: Итгэлгүйд идээ өгөгч Өмөг түшиггүй ядууст өглөг түгээдэг өгөөмөр нэгэн байсан тул тийн алдаршжээ) түүнийг энэ нутагт урин залж, Жетавана (төвдөөр: Жалбү жалжэд жи цал, монголоор: Ялгуугч хан хүүгийн цэцэрлэг) гэдэг гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн, хийд орныг өргөл болгон, бурхны шашныг ивээн тэтгэжээ. Бурхан багш энд хамгийн урт хугацаагаар буюу хорь гаруй жил заларч, олон арван судар номоо айлдсан юм. Алдарт риди хувилгаан үзүүлсэн үүх түүх ч энд болсон билээ.

2- Амьтан, бодьгал, сүнстэн, би гэх баримтлал нь бүгд нэг утгатай. Энэ бүгд ямар нэгэн “эзэн” буюу “өмчлөгч” гэсэн ойлголт юм. Тухайлбал, бие сэтгэлийн цогц нийлэмж бидэнд ийм төсөөлөл өгдөг. Тэр бүхэн миний өмч, би тэдгээрийн өмчлөгч эзэн мэт. Тийм болохоор миний бие, миний сэтгэл гэхчлэн төсөөлнө. Ийм төсөөллийг харуулсан нэгэн хууч үлгэр байдаг. Нэгэн өвгөн Манзушри бодисадватай учирчээ. Тэр өвгөн бодисадвагийн орь залуу жавхлант бие, саруул тунгалаг сэтгэлд атаархаж ийн гуйжээ. “Та агуу их өглөгч биз дээ. Миний өвгөрч элэгдсэн биеийг минь аваад оронд нь залуу сайхан бие лагшингаа өгөөч. Өтөлж будангуйрсан сэтгэл оюуныг минь аваад гэгээн саруул ухаанаа өгөөч” гэжээ. Бодисатва түүний гуйлтыг биелүүлсэн ч бүх юм хэвээрээ хоцорчээ. Энэ үлгэрт бидний төөрөгдлийг илчилж байна. Өвгөн биеэ ч, сэтгэлээ ч солих атал цаана нь би үлдэнэ гэж бодсон шиг бид ч гэсэн үргэлж ийм маягийн өмчлөгч эзэн гэж өөрсдийгөө боддог. Ийм өмчлөгч сэтгэлгээ л уурлах, шунах, мунхаглахын үндэс болдог. Бурхан багш энэ бүхнийг бүрэн үгүйсгэсэн хэрэг бус, харин бидний төсөөлөлд туйлын, бодит санагдах тэр зүйл харьцангуй буюу хийсвэрлэл утгаар л оршдог гэдгийг зааж байна.

3- Бурхан багш Шагимүнийн шашин анх дэлгэрсэн цагаас тав таван зуун жилээр үечилсэн арван үе буюу таван мянган жил дэлгэрнэ гэж буддизмд үздэг. Эхний гурван үеийг хутгийн үе гэдэг. Өөрөөр хэлбэл, эхний мянга таван зуун жил гэгээрлийн хутаг ологсод давамгайлна. Удаахь гурван үеийг бясалгалын үе гэнэ. Энэ мянга таван зуун жилд төгс гэгээрээгүй ч бясалгалын эрдмийг эзэмшигчид давамгайлна. Дараахь гурван үеийг эшийн үе гэнэ. Энэ үед бясалгалын эрдэм үгүй ч эш сургаалын мэдлэгтнүүд давамгайлна. Ингээд үлдэх сүүлчийн таван зуун жил бурхны
шашин нэр төдий оршин тогтоно. Энэ үед бясалгал байтугай мэдлэг ч үгүй хомс тарчиг, элэр балар болно. Гэтэл бурхан багш Очир огтлогч судартаа чухам энэ үеийг онцлон дурдаж, түүний шавь Субуди нь энэ үеийхэнд биширч буй нь тун гайхалтай. Хамгийн харанхуй үед хамгийн хурц гэрэл асдаг гэсэн парадокс мэт. Ямартаа ч тогтсон загварт үл баригдах, ягшмал үзэл бодлын хана хэрмийг нураасан чөлөөт сэтгэлгээ л хоосон чанарын сургаалыг хүлээн авах чадвартай гэсэн санаа энд буй.

4 – Урсгалд орох (төвдөөр: жүншүг), харин ирэх (Төвдөөр: чир-он), харилтгүй одох (төвдөөр: чир ми-он), дайсныг дарагч (төвдөөр: дажомба) зэрэг нь гурван хөлгөний гэгээрлийн ерөнхий үе шатууд.

5 – Бурхан багш урьд нэг төрөлдөө даяанч байгаад хааны хилс цаазад өртөж мэслүүлсэн явдлаас энд жишээ татжээ. Би, чи гэсэн янагуухь үзэгдлийн хил заагаас оюун санаагаа чөлөөлсөн гэгээрэгчдийн хувьд өш хонзон, үзэн ядалт утгаа алдаж, хилс үхлийг ч хүлээн авах чадвартай байдгийг олон үеийн гэгээнтнүүд үүх түүхээрээ харуулсан байдаг. Үнэмлэхүй үнэнд оюун санаагаараа уусан нэгдсэн тэднийг үнэндээ хөнөөвч хөнөөж чадахгүй, хайр өршөөлийг нь үгүйсгэвч үгүйсгэж чадахгүй.

6- Дивангар. Нэн эрт үед заларч байсан Зул зохиогч нэр бурхан. Тийм болохоор үлэмж эрт цагийн явдлыг дивангарын үед гэж хэлцдэг билээ.

No comments:

Post a Comment