Search This Blog

Thursday, December 20, 2012

СУВРАГА

Суврага нь Бурхан багшийн сэтгэлийн бэлгэдэл билээ. Бурханы лагшин бие , зарлиг номлол, таалал, үйлс лугаа барилдлагаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд бөлгөө. Мөн Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүрүүд газрын сүлд хэмээнэ. Суврагыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодьсад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоох, үр удмыг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн ач тусын тулд босгох ба Суврагыг бурхадын байх газар гэж үздэг.
Ямар ч суврага бүтээж болох арга ухааныг Бурхан гагцхүү хүмүүн бидэнд хайрласан бөлгөө. Үүнд хэзээ ч төөрөхгүй төгс амгаланд хүрэх зам бол суврага босгох болоод түүнд шүтэх, тус эрдмийг хүртэхүй нь Их гэгээн үйлс болох ажгуу.   

Суварга нь маш нарийн ухагдахуунтай бөгөөд үнэн зөв мэдлэгт тулгуурлан ном ёсоороо бүтэх аваас үр өгөөж арвин. Суврага урлаач ба өглөгийн эздийн хоорондын ойлголцол, харьцаа эерэг сайхан. Тэдний онолын мэдэгдэхүүн, хийх эд, хэмжээ, өнгө будаг, чимэглэх ёс, хэлбэр дүрс, дотоод оршоолго, “шүншиг” амилуулан равнайлах зан үйлийг цогцоор нь бүрэн дүүрэн агуулж байж авралын амьд хүчийг цогцлуулсан дээд шүтээн болох билэг дэмбэрэл бүрдэх бөлгөө. Суврага бүтээн буян үйлдэж буйн эцсийн ач тус болбоос нирваанд хүрэх төгс гэгээрэлд дөтлөх үнэний үйлс биднийг өнөөдрийг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс аварч, төгс амгаланд хүргэх арга зам ажээ. 

Иймд суврага бүтээх олон аргаас аль боломжтойгоо сонгон авч, газраа зөв сонгож, бэлгэдэл төгс өдөр эхлэвэл зохино. Буруу хэмжээстэй, ёсоор бус үйлдвээс тэр газар нутаг, хүмүүн зонд зовлон гарах үүдийг нээж болзошгүйг анхаарагтун. Мэдээжээр зохистой юмны зохицлыг алдагдуулах нь байгалийн хууль зөрчиж буй хэрэг болно .

Мөн салхинд, галд, огторгуйд суврага бүтээх эрдэм увидас буй. Бас бясалгалаар уул ус, газар дэлхийг бүхлээр нь суврага болгож бүтээх ёс байдаг. Энэ олон аргад хичээн суралцах ахул өглөө орой цаг тутамд суврага бүтээж болно.

Гэвч, юуны тулд Суврага бүтээж буйгаа хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнд бид өөрсдийн бурханлиг чанарыг нээж, түүнд сэвтүүлж буй гэмээ үг ариусган сайн урвуулан, эрдэм болгоныг гүйцээж, хоосон чанар хийгээд билиг билгүүнийг онохуйн гэгээн үйлс хэмээн ойлгох хэрэгтэй. 

Мөн бүтээсэн Суврагыг эргэж тойрон мөргөж тахил ихэд өргөсний ач тус маш их. Үүнийг өгүүлбээс 3 цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал, шүтээн түүнээ бодь шигээж оршсон уг Суврагыг залбирч явбаас аливаа үйлс сэтгэчлэн бүтэх сайн үйлтэй аж. Мөн Суврга бүтээх үйлсэд гар бие оролцсон хүмүүс дээдийн буян болох бөгөөд бусдыг төөрөгдүүлэх, буруу санах, саад тотгор учруулах нь барагдахгүй нүгэлд унах учиртайг түмэн олон ухамсарлан өөрсдөө гэгээрэхүйн үүд хаалгаа нээж, гүн хүндэтгэлтэй хандаж буян заяагаа тэгшитгэн дэлгэрүүлэхийн төлөө санаа тавиасай хэмээн залбирму.

Үйлийг тийн ялгасан судраас:

Бурханы суврага үйлдсэний тус эрдэм 18 бөгөөд аугаа ихийн гэрт төрөх, дүрс сайхан үзэсгэлэнтэй, нүдэнд дулаахан тэргүүтэн хийгээд эрх ихтэй, боол зардас олон, ялгалгүй бусдын шүтээн болох, өндөр язгуурт одох, алдар ихтэй, тэнгэр хүмүүн бээр хүндлэх, эд олон, хаан төрийг олох, урт наслах, бие очир мэт болох, билэг чанар бүрдэх, өндөр язгуурт төрөх, түргэн хутгийг олох зэрэг болой.

Суврага эргэсний үгсийн тасалбарын судраас: 

“Суврага эргэж үйлдэх бээр тэнгэр, лус, ягчис, үнэр идэштэн, гарьд, хүмүүн буюу дочэ их бээр тахигдах, чөлөөг олоход бэрхтэйг олох, агшин төдийд ч суврагыг эргэж үйлдэх бээр чөлөөгүй найман нугуудыг тэвчих ба санах хийгээд ухаан төгөлдөр, өнгө төгөлдөр, цэцэн бүгд дор тахигдах болох, тэнгэр хийгээд түүнчлэн хүмүүн нугуудын нас урт хийгээд түүнийг олно. Алдар нэр ихийг олох болно.” хэмээснээс суврагыг эргэж үйлдвээс ертөнцөд бурханы чимгүүдээр чимэгдэх хийгээд алтан өнгөт лагшинг олох хэмээхийг хүртэл, бас мэргэд нугууд бээр бурханы суврага дор баясах алхаа нэгийг орхивоос замбуутивийн алт буман лангийн тоог олно.  Тэр нь тэр лугаа адилгүй хэмээсэн хийгээд,

Салжал бээр айлдсан судраас:

Ямар мэт суврага нугууд дор хүмүүн бээр тахиж үйлдэх бээр орчлон бусдад тийн боловсрол юу хүссэнийг олно. Айлдсаны хэрэг тэрийг бурхан бээр сонсож үйлдвэй. Бурханы суврага нугууд хийгээд дүрс хөрөг нугууд дор тоосны тоо юу байна, тэр тоо ямагт үйлдсэн хүмүүн нугууд бээр тэнгэрийн орон газрын дээр магадтай төрнө хэмээх тэргүүтэн олонтой айлдсан бөгөөд, 

Аръяабалын судраас:

Бурханы хөргийг машид үзэсгэлэнтэй үйлдвээс тэр нь дээд болох, төрөлхтөн олон тахиваас зохистой, ухаан төгөлдөр, баян бөгөөд их ямагт төгөлдөр, эрх төгөлдөр, загабардын хаан болох, хэмээх тэргүүтэн хийгээд,  

Дамчой бадгараас:

Зарим нь их эрдэнэ долоо хийгээд зарим нь тэрчлэн зэс хийгээд хүрлээр бурхан нугуудын дүрсийг үйлдвээс бүгд бодийн хутгийг олно хэмээх тэргүүтэн хийгээд тулга төмөр ч болно. Бурхадын дүрсийг үйлдэх бөгөөс үзвээс үзэсгэлэнтэй, шаврын үйлийг үйлдэхүй дор оруулах тэдгээр бүгд бодийн хутгийг олох болно хэмээх хийгээд алин бээр хана туурганд дүрс зураг хийгээд буян дэлгэрэх билэг чанар төгс, лагшин алин бээр зурсан буюу сийлсэн буюу тэдгээр бодийн дээд олох болно.

Төрөлхтөн алин бээр ирээд залуу ч болов тэдгээр нугуудын заримыг суралцахын үес үзүүр нугуудыг сэргээж үйлдсэний туурга хомс буюу модны үзүүрээр дүрсийг бичсэн тэдгээр бүгд бодь хутгийг олох болой.

Бурханы суврага тэдгээрийг хэн бээр тахьсан хийгээд их эрдэнийн суврага мянган тоот хэмээвээс алин бээр бурхан түүний суврага нугуудыг элсний цогцсоор үйлдсэн ч тэр нугууд бээр бодийг олох болой.

Утгыг алдагдуулахгүйн тулд номон дээрхийг засваргүйгээр хуулан бичлээ. Суврага бүтээхэд 9 эрдэнэ, хадаг тахимлаг, бурхан шүтээнээс авахуулаад өчнөөн зүйл ордог болохоор Бурхан шүтэх тухай бас бичигдсэн бололтой.

No comments:

Post a Comment