Search This Blog

Wednesday, December 19, 2012

“ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” ХЭМЭЭХ ЗАСЛЫН НОМЫН ХУРААНГУЙ (Монгол хэлээр)

ТӨГС ГЭГЭЭРЭГЧ БОЛОН ГЭГЭЭРЭЛД ЗАМНАГЧ БҮХЭНД МӨРГӨМҮЙ.

Би ийнхүү сонссон юм. 

Тэр нэгэн цагт Бурхан багш Шравасти хотод Ялгуугч хан хүүгийн цэцэрлэгт Аната Биндадын номын хүрээлэнд хоёр мянга таван зуун дээд сахилтан хуврагууд болон тоо томшгүй бодисадва нарын хамт заларч байлаа.

Тэр нэгэн цагт эрхэм хүндэт Суводи суудлаас босч, дээд хувцасаа нэгэн эгэмдээ тохон, баруун өвдгөө бохирч, алга юугаа хавсран Бурхан багшид ийн өчив:

-       Төгс ялагч, түүнчлэн ажрагч, Дайсныг дарагч, Нойрноос сэрэгч та бодь сэтгэлт, агуу сэтгэлтэн шавь нартаа тус өглөгийн дээдийг соёрхогч билээ. Бурхан багш аа, бодь сэтгэлтний хөлгөнд орогчид хэрхэн замнаж, бүтээж, сэтгэх вэ?

хэмээн асуулт өчихөд Бурхан багш эрхэм хүндэт Суводид зарлиг болруун:

-       Суводи! чи сайн буянт ажгуу. Төгс гэгээрэгч бээр гэгээрэлд замнагсдад тус өглөгийн дээдийг соёрхоно. Тиймээс үлэмж сайнаар сонс, үнэн сэтгэлдээ хүлээн ав. Хэрхэн замнах, бүтээх, сэтгэх учрыг би номлосугай.

хэмээгээд:

-       Бодь сэтгэлтний хөлгөнд орвол хамаг амьтан, тухайлбал өндгөөс төрөгч, хэвлээс төрөгч, чийг дулаанаас төрөгч, хувилан төрөгч, дүрст ба дүрст бус, ухамсарт ба ухамсарт бус, амьтан гэх нэрийтгэлд хамаарах тэдгээр бүх төрөл зүйлтнийг төгс амирлангуй хутагт хүргэсүгэй. Цаглашгүй олон амьтныг амирлангуй хутагт хүргэхийг зорих авч нэгээхэн ч амьтан амирлангуй хутагт хүрээгүй гэж сэтгэгтүн. Яагаад гэвэл, бодь сэтгэлтэн бээр “амьтан” гэх төсөөлөл, “сүнс” гэх төсөөлөл, “бодгаль” гэх төсөөлөлд баригдвал түүнийг бодь сэтгэлтэн гэж хэлэхгүй. Бодь сэтгэлтэн бээр бодит юмс үзэгдэлд оршилгүйгээр өглөг өгөх учиртай. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, оногдохуйн алинд нь ч оршилгүйгээр өглөг өгөгтүн. Ямарваа хэлбэрт эс орших нь бодь сэтгэлтний өглөг хайр бөлгөө. Юунд ч эс орших тийм өглөг буяныг хэмжих аргагүй. Түүнийг хэмжих нь огторгуйг хэмжих мэт бэрх. Бурханыг ч хэлбэргүйн чанарт үзэгтүн. Хэдий чинээ түүнд хэлбэр онооно, төдий чинээ хуурмаг. Хэдий чинээ хэлбэрээс сална, төдий чинээ үнэнд ойртоно. Ирээдүйд, адаг таван зуун жилийн цаг үед буюу ариун сургаал үлэмж сүйрэлтэй учрах тэр цагт элбэрэл журамт, эрдэм билигт бодь сэтгэлтнүүд мэндэлнэ. Тэд ганц бурханд ерөөл буян үйлдэх бус, түг түмэн, тоо томшгүй бурхадад өргөл тахил өргөж, адис буян хүртэнэ. Энэхүү ариун судрын үгс дор уярал бишрэл өр зүрхнээс нь ундрах тэдгээр сайн хувьтныг Түүнчлэн ажрагч тольдном. Тэд “би” гэсэн, “амьтан” гэсэн, “сүнс” гэсэн, “бодгаль” гэсэн төсөөлөлд үл автана. Тэд юмс үзэгдэл буй гэсэн, үгүй гэсэн төсөөлөлд үл автана. Хэрвээ бодь сэтгэлтнүүд юмс үзэгдэлд буй гэсэн төсөөллөөр хандвал тэр нь “би” гэсэн, “амьтан” гэсэн, “сүнс” гэсэн “бодгаль” гэсэн баримтлал болно. Хэрвээ юмс үзэгдэлд үгүй гэсэн төсөөллөөр хандвал тэр нь мөн л “би” гэсэн, “амьтан” гэсэн, “сүнс” гэсэн, “бодгаль” гэсэн баримтлал болно. Бодь сэтгэлтэн бээр юмсыг буруу үл баримтладаг шигээ юмс үгүйг ч үл баримтлана. Тиймийн учир энэ сургаалыг эндүүрлийн мөрнийг гатлах сал онгоц гэж ойлгогчид юмс үзэгдлийн буйд автаагүй атал буй бусад автах юун. Хэн нэгэн гурван мянган их мянган ертөнцийг долоон зүйл эрдэнэсээр дүүргэж, өглөг буянд зориулснаас хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж, бусдад үнэн утгаар нь зааж чадвал өмнөхөөс тоолж хэмжишгүй олон дахин үлэмж буяныг хураана. Учир нь дээдийн дээд гэгээрэл үүнээс л үүсэх тул ялж төгссөн бурхад ч түүнээс л мэндлэх бөлгөө. Бодь мөрийн урсгалд орогч, эргэн ирэгч, эргэлт буцалтгүй одогч, дайсныг дарагч, төгс гэгээрэгч хэн ч бай “би урсгалд оров”, “би эргэн ирэх түвшинд хүрэв”, “би дайсныг дарагч болов”, “би төгс гэгээрэв” гэсэн төсөөлөлд автвал тэр бүхэн “би” гэгч, “амьтан” гэгч, “сүнс” гэгч, “бодгаль” гэгч үзэл болно. Тиймийн учир бодь сэтгэлтнүүд юунд ч оршилгүйгээр сэтгэгтүн. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, оногдохуйн алинд ч оршилгүй сэтгэгтүн. Энэхүү судрын нэр бол билгийн чанадад хүрэхүй. Хүрэх зүйл үгүй тул билгийн чанадад хүрэх хэмээнэ. Хэн нэгэн Ганга мөрний дусал хумхийн тоогоор амь биеэ буянд золиословч, энэхүү судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж, бусдад үнэн утгаар нь ойлгуулан зааж сургаваас тэр түүнээс тоолшгүй, хэмжишгүй олон дахин буян болох учиртай.

Тийн айлдахад эрхэм хүндэт Суводи номын сүр сүлдэнд бишрэн хайлж, урсах нулимсаа арчаад өчсөн нь:

-       Хамаг бурхадын айлдсан энэ судар үлэмж гайхамшигтай ажээ. Би ухаан орсон цагаас ийм гайхамшгийг сонссонгүй. Энэ судрын утганд үнэн ухаарлаар нэвтрэгч хэн бүхэн үлэмжийн хувь золтон билээ. Би бээр энэ судрыг дээдлэн бишрэвч надад тийм хувь зол алга. Адаг таван зууны цөвүүн цагт энэ судрыг хүлээн авч, уншиж ухаарч, дэлгэрүүлэгч тэд л үлэмж хувь ерөөл төгөлдөр буюу. Учир нь тэд “би” гэгч, “амьтан” гэгч, “сүнс” гэгч, “бодгаль” гэгч төсөөлөлд баригдахгүй. Төгс гэгээрэл гэдэг нь төсөөлөл бүхнээс ангижирсныг л хэлэх ажээ.

Тийн өчихүйеэ Бурхан багш зарлиг болруун:

-       Суводи! чиний хэлдэг зөв. Энэ судрын утга санаанаас эмээж цочилгүй, эндүүрч хөөрөлгүй хүлээн авагч хэн бүхэн үлэмжийн их хувь золтой. Билгийн чанадад хүрэх энэ номыг эдүгээ Түүнчлэн ажрагч бээр номлож байна. Хожим цаглашгүй олон гэгээрэгсэд ч номлох болно. Суводи! Бурхан багш хүлцэнгүйн чанад хязгаарт хүрсэн гэдэг нь тийм хязгаараас ангижирсан гэсэн үг. Тухайлбал, Калингагийн хаан миний үе мөчийг огтчих тэр цагт надад ”би” гэсэн бодол байгаагүй. Хэрэв тэр цагт надад “би” гэсэн бодол төрсөн бол өшөө хорслын ч бодол төрөх байсан. Суводи! Би бээр билгээр тольдном. Улирч одсон тэр нэгэн цагт, таван зуун төрлийн тэртээ Хүлцэнгүй хэмээх даяанч байхад минь надад тийм бодол төрөөгүй юм. Тийм учир бодь сэтгэлт, агуу сэтгэлтэн бээр бодол төсөөлөл бүхнээс ангижирч бодь хутгийг сэтгэгтүн, юунд ч оршилгүйгээр сэтгэгтүн. Аливаа оршихуй өөрөө эс оршихуйн учир тэр бөлгөө. Тиймээс л төгс гэгээрэгч бээр “юунд ч оршилгүй өглөг хайраа түгээ” хэмээн номлодог. Төгс гэгээрэгчид үнэмлэхүй үнэнийг түүнчлэн сургамой. Гэгээрлийн тэр сургаал замналд үнэн ч үгүй, худал ч үгүй. Үлгэрлэвээс, харах нүдтэй атлаа хав харанхуйд суугаа хүн юуг ч үзэхгүй. Хэлбэрт хүлээстэй байдлаар өглөг буяныг сэтгэгч тийм бөлгөө. Гэгээ ургах аваас харах нүдтэй л бол хачин сониныг үзнэ. Хэлбэрийн хүлээснээс ангид өглөг буяныг сэтгэгч тийм бөлгөө. Энэ судрын утга санаа төсөөлшгүй, зүйрлэшгүй ажгуу. Үүнээс үүдэх үр санаа сэдэл саванд багташгүй бөгөөд зөвхөн гэгээрсэн суу билигтэн л тольдоно. Хэн нэгэн Ганга мөрний хумхийн тоогоор амь биеэ өглөө, өдөр, орой гурван удаа буянд зориулж, тийм байдлаар түг түм, гольд наяд олон галавт биеэ зольсноос, хэн нэгэн энэ судрыг сонсоод, эс орхивоос л түүнээс тоолшгүй хэмжээлшгүй олон дахин буяныг хураана. Энэ судрыг их хөлгөнд орогч, дээд замд дэвшигчдийн тусын тулд Түүнчлэн ажрагч бээр номлоюу. Үүнийг хүлээн авагчид миний бодь хутгийг мөрөндөө үүрч, гартаа барьсан болно. Учир нь, дорд зүйлд бишрэгчид энэ судрыг хүлээн авах хувьгүй. Хүлээн авч, уншиж ухаарах хувьтан зовж ч магадгүй. Юу гэвэл, урьд төрлөөс уламжилсан тамын зовлонд унагах тэр нүгэл нь энэ насанд нэрвэнэ. Гэвч бүү ай. Урьд төрлийн нүгэл, хойт төрлийн там бүгд хоосрон арилж, гэгээрлийн хутгийг олъюу. Суводи, би бээр зөн билгээр тольдном. Урьд тоолшгүй галавын тэртээ, Дивангар Бурханаас ч эртийн эрт наян дөрвөн түг түм гольд наяд бурхад залрах цагт би бээр тэдгээр бурхадыг ямагт баясган хүндлэж, дээдлэн тахиж, буруу гажууг нэгээхэн ч эс хийсэн. Гэвч тэр буян нь хожим ирээдүйн адаг таван зуун жилийн балар үед энэхүү судрыг хүлээн авч, уншиж, ухаарах буяны зууны нэг хувьд ч дөхөж очихгүй, хэмжих зүйрлэх ч аргагүй бөлгөө. Тийм буяны хэр хэмжээг өгүүлэхэд минь нялхасын ухаан самуурч, сэтгэл нь хямрах болно. Үнэн ч үгүй, худал ч үгүй. Тийм болохоор Төгс гэгээрэгч бээр оршихуй юмс бүгд Бурханы ном гэж айлдъюу. Оршихуй юмс гэдэг нь тэр бүгд эс оршихуйтай учир тийн өгүүлнэ. “Юм бүхэн хоосон чанартай, би гэгч зүйл үгүй” хэмээн сүслэн бишрэгч түүнийг Төгс гэгээрэгч бээр агуу бодь сэтгэлтэн хэмээн нэрийднэм. Суводи! Ганга мөрний хумхийн тоогоор Ганга мөрөн бий болбол, тэр бүх мөрний хумхийн тоогоор ертөнцийн орон бий болоход, тэнд оршигч бүхий л төрөлхтөний тус бүрийн сэтгэлийн урсгалыг би тольдох бөлгөө. Учир нь, сэтгэлийн урсгал гэгдэх тэр нь хоосон юм. Хоосон болохоор л түүнийг сэтгэлийн урсгал гэж Төгс гэгээрэгч бээр нэрлэдэг. Учир юун гэвэл, өнгөрсөн цагийн сэтгэл ч баригдахгүй, ирээдүй цагийн сэтгэл ч үзэгдэхгүй, одоо цагийн сэтгэл ч хоосон бөлгөө. Бурханы оршихуй ч хоосон. Амьтны оршихуй ч хоосон. Адилгүй мэт үзэгдэвч Би үгүйн чанар дор адил буюу. Би гэгч баримтлалыг Төгс гэгээрэгч бээр үл баримтлах, түүнийг эгэл балчир ухаантнууд л баримтлана. Хэн нэгэн намайг дүрс болгон үзэж, дуу болгон баривал төөрөгдөлд орсон тэд намайг таниж чадахгүй. Гэгээн бурхан бээр хоосон чанар, хамгийг ивээгч бээр үнэмлэхүй дүрт. Үнэмлэхүй үнэн, хоосон чанарыг таниагүй бол намайг яаж таних вэ. Суводи! Их хөлгөний замд орогч бодь сэтгэлтэн аливаа юмсыг эвдэгч буюу үгүйсгэгч гэж ойлгож болохгүй. Их хөлгөний замд орогсод юуг ч эвдэхгүй, юуг ч үгүйсгэхгүй. Энэ судрын Би үгүй, Бодгаль үгүйн утга санааг хүлцэн ухаарахаас илүү буян хаана байна. Төгс гэгээрэгч бээр хаанаас ч ирэхгүй, хаашаа ч буцахгүй. Тиймд л түүнийг Түүнчлэн ажрагч, Дайсныг дарагч, Төгс гэгээрэгч Бурхан хэмээмүй. Гурван мянган их мянган ертөнцийг хумхийн тоосонд задлан бутлаваас тэр хумхийн тоосны тоо хичнээн олон. Гэвч тийм хумхийн тоос олдохгүй учраас Төгс гэгээрэгч бээр түүнийг хумхийн тоос хэмээмүй. Хумхийн тоосноос бүтсэн гурван мянган их мянган ертөнцийн орон олдохгүй учраас л Төгс гэгээрэгч бээр түүнийг гурван мянган их мянган ертөнцийн орон хэмээмүй. Тэр бүхнийг бүхэлчилж (бүдүүвчилж) баримтлах нь нэр томъёо төдий, тэр нь балчир ухаантны баримтлал бөлгөө. Суводи! Төгс гэгээрэгчийг “Би” гэх үзлийг номлосон гэвэл, тэр тийм биш ээ. Хэрэв Төгс гэгээрэгч бээр “Би” гэх үзлийг номлосон аваас тэр нь тийм үзэл үгүйн учир номлосон хэрэг. Их хөлгөнд орогч бодь сэтгэлтэн энэ мэтчилэн юмс үзэгдлийг ойлгогтун, үзэгтүн, бишрэгтүн. Юунд ч оршилгүй, авталгүй сэтгэгтүн.

Од, бүрэлзээн, зул,
Илбэ, шүүдэр, хөөс,
Зүүд, гялбаа,үүл мэт
Хуран үүссэн бүхнийг
Тэгж үзэгтүн.

Бурхан багшийг ийнхүү сургаал айлдахад эрхэм хүндэт Суводи болон бодь сэтгэлтэн олон шавь нар тэргүүлэн тэнгэр, хүмүүн, асури, гандирсын ертөнц даяар даган баясч, Бурхан багшийн сургаалыг бишрэн магтвай.

Очир огтлогч судрын зүрхэн тарни:
Намо багавади бразня барамида еэ. Ум нада дида, илиши илиши, милиши милиши, бинаян бинаян. Намо багавади брадям бради, ириди ириди, мириди мириди, шүриди шүриди , үшүрү үшүрү, бүюүеэ бүюүеэ суха.

No comments:

Post a Comment