Search This Blog

Thursday, December 20, 2012

БИ ЭНЭ НОМЫГ Л АЙЛДАНА, МИНИЙ ДАРААХ БУРХАД Ч ҮҮНЭЭС ӨӨР ЗҮЙЛ ЗААЖ СУРГАХГҮЙ


Билгийн чанад хязгаарт хүрсэн “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх эртний их хөлгөн судрыг олон түмэнд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, бусдад бага ч атугай тус нэмэр болохын үүднээс буян бодож хэдэн зууны өмнөх өвөг дээдсийнхээ Төвд хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлэн бичсэн байсныг нь орчин цагийн Монгол хэлнээ өөрийн хэмжээнд чадан ядан буулгалаа.


1990 хэдэн оны үед бүх нийтийг Монгол бичигтэн болгох их аян өрнөж байх үед манай эмээ биднээр хуучин цагийн Монгол бичгээр бичсэн судруудыг уншуулдаг байсан бөгөөд эдгээрийн нэг нь “ДОРЖЗОДВЫН ПАЯН” нэртэй судар байсан ба энэхүү судар нь “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх их хөлгөн судрын ач тусын тухай тайлбар бүхий олон үлгэрүүдийг багтаасан байсан. Үлгэрүүд нь тухайн үеийн бидний уншдаг байсан үлгэрүүдээс эрс ялгаатай, амьдралын далд мөн чанарын тухай өгүүлдэг байсан нь илүүтэйгээр шимтэн уншихад хүргэж энэхүү “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх судрыг ойлгон ухаарахад дөхөм болсон юм. 

Бурхан багш нэгэнтээ “БИ ЭНЭ НОМЫГ Л АЙЛДАНА, МИНИЙ ДАРААХ БУРХАД Ч ҮҮНЭЭС ӨӨР ЗҮЙЛ ЗААЖ СУРГАХГҮЙ” хэмээсэн байдаг юм билээ. Үүнээс гадна энэхүү судрыг 1000 бурхад нийлж зохиосон гэх талаар ч сонсож байсан юм байна. 

Энэхүү судар нь өнөө цагт нэн ховор бүтээлд тооцогдох болсон бөгөөд зарим айлд “9 ЭРДЭНИЙН ДОРЖЗОДВА” хэмээх хувилбар нь хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд энэ нь мөнгөн хавтан дээр сийлж ором гаргаад алтаар цутгаж бурхан болоод зарим зүйлсийг нь урлан, харин үсгүүдийг нь 9 эрдэнээр шигтгэж хийсэн байдаг юм гэсэн. 

Ингэж хүндэтгэн залах нь дээдийн буян гэгддэг хэдий ч заавал ингэх шаардлагагүй гэдгийг “ДОРЖЗОДВЫН ПАЯН”-гаас олж ухаарсан болно. Харин бусдад тарааваас, уншуулбаас, бичүүлбээс дээдийн буян болох тухай сайтар ойлгосон. Тиймээс та бүхэн ч гэсэн үүнийг цааш улам дэлгэрүүлэн түгээхийн төлөө хамтран зүтгэнэ гэдэгт найдаж байна. Өөрсдөө хувилж авсан ч болно шүү дээ.

Та бүхэнд “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх заслын номын 3 өөр хувилбар, түүний ач тусын тухай тайлбар бүхий “ДОРЖЗОДВЫН ПАЯН” хэмээх 1 хувилбарыг тус тус хүргэхээр зориод байгаа бөгөөд эхний удаад уг судрын заслын номын хураангуй болох Төвд хэл дээрх хувилбарыг толилуулж байна.

Монгол хэл дээрх хувилбарууд нь хараахан гараас гараагүй байгаа учраас бэлэн болсон даруйд нь хүргэх болно.

ТА БҮХНИЙГ БУЯНЫ ЦАГААН ХУР ҮРГЭЛЖ ИВЭЭХ БОЛТУГАЙ.

No comments:

Post a Comment