Search This Blog

Showing posts with label ШАШИН. Show all posts
Showing posts with label ШАШИН. Show all posts

Thursday, December 20, 2012

МЭГЖИД ЖАНРАЙСАГ БУРХАНЫ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

Ямар нэгэн ядарсан Хаан хүмүүн бус Монголын 8-р Богд Живзундамба хутагтын мэлмий биеэ ихэд чилээрхэхэд нь энэрэл эх түмнийхээ сайн сайхныг билэгдэн анх бүтээсэн бөгөөд Хамгийн анх Жанрайсаг Бурханыг Монголын Анхдугаар Богд Занабазар бүтээсэн түүхтэй.
Жанрайсаг Бурханыг бүтээн босгох цаад утга нэн их билээ.

Жанрайсаг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлен харцаараа ертөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэчийн дүртэй. Мэгжид Жанрайсаг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн евчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
Жанрайсаг Бурхан хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирваанд хүргэхийн тулд, Паранирвааны их амгаланд орохоо хойшлуулсан хэмээдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдлэ хэмээн сургасан байдаг.

Жанрайсаг Бурхан хамаг амьтныг сансраас гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангараглажээ. Гэвч чармайлт зүтгэл хичнээн тавьсан ч аварваас зохих зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр буйг тэр үзээд тэдгээр олон амьтны эгээрлийг мэдэх гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагджээ.Амитаба Будда түүний энэ байдлыг болгоогоод гаслангийн дууг сонсож ойлгосноор, Жанрайсаг бурхан аврал эрсэн амьтан бүрд хүрч туслахаар зүтгэхэд 2 мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан дахиад л тусалж, зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ” хэмээсэн байна.

Их хөлгөний уламжлал ёсоор Жанрайсаг нь маш өндөр түвшний Бодьсадва бөгөөд, Ловон Бадамжунайн бошиго үзүүлснээр Далай лам ба Кармабагийн дүрүүд нь Жанрайсаг бурхны хувилгаан ажээ.

Жанарайсаг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” хэмээх тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.
Аяа хамаг амьтныг зовлонгоос аварч болгоо.
Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг хутагт Жанрайсагт чин сүжгийг үүсгэн уншаарай.
УМ МА НИ БАД МЭ ХУМ –д бурхны хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг.
УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарни нь бүхэлдээ “ Их энэрэл нигүүслийн бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн нийгүүсэхүйн сэтгэл хийгээд нигүүсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутгийг олохуйн адистыг соёрх оо.”

Мэгжид Жанрайсаг бурханаас цаглашүй гэрэл цацарч та тэргүүтэн хамаг амьтны биесийг гийгүүлэн элдэв өвчин эмгэг, эндүү үзэл, ад зэтгэрийн хорлол хйигээд нүгэл хилэнцийг ариусган байна хэмээн бодож энэхүү тарнийг уншиж бясалгаарай.

СУВРАГА

Суврага нь Бурхан багшийн сэтгэлийн бэлгэдэл билээ. Бурханы лагшин бие , зарлиг номлол, таалал, үйлс лугаа барилдлагаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд бөлгөө. Мөн Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүрүүд газрын сүлд хэмээнэ. Суврагыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодьсад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоох, үр удмыг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн ач тусын тулд босгох ба Суврагыг бурхадын байх газар гэж үздэг.
Ямар ч суврага бүтээж болох арга ухааныг Бурхан гагцхүү хүмүүн бидэнд хайрласан бөлгөө. Үүнд хэзээ ч төөрөхгүй төгс амгаланд хүрэх зам бол суврага босгох болоод түүнд шүтэх, тус эрдмийг хүртэхүй нь Их гэгээн үйлс болох ажгуу.   

Суварга нь маш нарийн ухагдахуунтай бөгөөд үнэн зөв мэдлэгт тулгуурлан ном ёсоороо бүтэх аваас үр өгөөж арвин. Суврага урлаач ба өглөгийн эздийн хоорондын ойлголцол, харьцаа эерэг сайхан. Тэдний онолын мэдэгдэхүүн, хийх эд, хэмжээ, өнгө будаг, чимэглэх ёс, хэлбэр дүрс, дотоод оршоолго, “шүншиг” амилуулан равнайлах зан үйлийг цогцоор нь бүрэн дүүрэн агуулж байж авралын амьд хүчийг цогцлуулсан дээд шүтээн болох билэг дэмбэрэл бүрдэх бөлгөө. Суврага бүтээн буян үйлдэж буйн эцсийн ач тус болбоос нирваанд хүрэх төгс гэгээрэлд дөтлөх үнэний үйлс биднийг өнөөдрийг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс аварч, төгс амгаланд хүргэх арга зам ажээ. 

Иймд суврага бүтээх олон аргаас аль боломжтойгоо сонгон авч, газраа зөв сонгож, бэлгэдэл төгс өдөр эхлэвэл зохино. Буруу хэмжээстэй, ёсоор бус үйлдвээс тэр газар нутаг, хүмүүн зонд зовлон гарах үүдийг нээж болзошгүйг анхаарагтун. Мэдээжээр зохистой юмны зохицлыг алдагдуулах нь байгалийн хууль зөрчиж буй хэрэг болно .

Мөн салхинд, галд, огторгуйд суврага бүтээх эрдэм увидас буй. Бас бясалгалаар уул ус, газар дэлхийг бүхлээр нь суврага болгож бүтээх ёс байдаг. Энэ олон аргад хичээн суралцах ахул өглөө орой цаг тутамд суврага бүтээж болно.

Гэвч, юуны тулд Суврага бүтээж буйгаа хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнд бид өөрсдийн бурханлиг чанарыг нээж, түүнд сэвтүүлж буй гэмээ үг ариусган сайн урвуулан, эрдэм болгоныг гүйцээж, хоосон чанар хийгээд билиг билгүүнийг онохуйн гэгээн үйлс хэмээн ойлгох хэрэгтэй. 

Мөн бүтээсэн Суврагыг эргэж тойрон мөргөж тахил ихэд өргөсний ач тус маш их. Үүнийг өгүүлбээс 3 цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал, шүтээн түүнээ бодь шигээж оршсон уг Суврагыг залбирч явбаас аливаа үйлс сэтгэчлэн бүтэх сайн үйлтэй аж. Мөн Суврга бүтээх үйлсэд гар бие оролцсон хүмүүс дээдийн буян болох бөгөөд бусдыг төөрөгдүүлэх, буруу санах, саад тотгор учруулах нь барагдахгүй нүгэлд унах учиртайг түмэн олон ухамсарлан өөрсдөө гэгээрэхүйн үүд хаалгаа нээж, гүн хүндэтгэлтэй хандаж буян заяагаа тэгшитгэн дэлгэрүүлэхийн төлөө санаа тавиасай хэмээн залбирму.

Үйлийг тийн ялгасан судраас:

Бурханы суврага үйлдсэний тус эрдэм 18 бөгөөд аугаа ихийн гэрт төрөх, дүрс сайхан үзэсгэлэнтэй, нүдэнд дулаахан тэргүүтэн хийгээд эрх ихтэй, боол зардас олон, ялгалгүй бусдын шүтээн болох, өндөр язгуурт одох, алдар ихтэй, тэнгэр хүмүүн бээр хүндлэх, эд олон, хаан төрийг олох, урт наслах, бие очир мэт болох, билэг чанар бүрдэх, өндөр язгуурт төрөх, түргэн хутгийг олох зэрэг болой.

Суврага эргэсний үгсийн тасалбарын судраас: 

“Суврага эргэж үйлдэх бээр тэнгэр, лус, ягчис, үнэр идэштэн, гарьд, хүмүүн буюу дочэ их бээр тахигдах, чөлөөг олоход бэрхтэйг олох, агшин төдийд ч суврагыг эргэж үйлдэх бээр чөлөөгүй найман нугуудыг тэвчих ба санах хийгээд ухаан төгөлдөр, өнгө төгөлдөр, цэцэн бүгд дор тахигдах болох, тэнгэр хийгээд түүнчлэн хүмүүн нугуудын нас урт хийгээд түүнийг олно. Алдар нэр ихийг олох болно.” хэмээснээс суврагыг эргэж үйлдвээс ертөнцөд бурханы чимгүүдээр чимэгдэх хийгээд алтан өнгөт лагшинг олох хэмээхийг хүртэл, бас мэргэд нугууд бээр бурханы суврага дор баясах алхаа нэгийг орхивоос замбуутивийн алт буман лангийн тоог олно.  Тэр нь тэр лугаа адилгүй хэмээсэн хийгээд,

Салжал бээр айлдсан судраас:

Ямар мэт суврага нугууд дор хүмүүн бээр тахиж үйлдэх бээр орчлон бусдад тийн боловсрол юу хүссэнийг олно. Айлдсаны хэрэг тэрийг бурхан бээр сонсож үйлдвэй. Бурханы суврага нугууд хийгээд дүрс хөрөг нугууд дор тоосны тоо юу байна, тэр тоо ямагт үйлдсэн хүмүүн нугууд бээр тэнгэрийн орон газрын дээр магадтай төрнө хэмээх тэргүүтэн олонтой айлдсан бөгөөд, 

Аръяабалын судраас:

Бурханы хөргийг машид үзэсгэлэнтэй үйлдвээс тэр нь дээд болох, төрөлхтөн олон тахиваас зохистой, ухаан төгөлдөр, баян бөгөөд их ямагт төгөлдөр, эрх төгөлдөр, загабардын хаан болох, хэмээх тэргүүтэн хийгээд,  

Дамчой бадгараас:

Зарим нь их эрдэнэ долоо хийгээд зарим нь тэрчлэн зэс хийгээд хүрлээр бурхан нугуудын дүрсийг үйлдвээс бүгд бодийн хутгийг олно хэмээх тэргүүтэн хийгээд тулга төмөр ч болно. Бурхадын дүрсийг үйлдэх бөгөөс үзвээс үзэсгэлэнтэй, шаврын үйлийг үйлдэхүй дор оруулах тэдгээр бүгд бодийн хутгийг олох болно хэмээх хийгээд алин бээр хана туурганд дүрс зураг хийгээд буян дэлгэрэх билэг чанар төгс, лагшин алин бээр зурсан буюу сийлсэн буюу тэдгээр бодийн дээд олох болно.

Төрөлхтөн алин бээр ирээд залуу ч болов тэдгээр нугуудын заримыг суралцахын үес үзүүр нугуудыг сэргээж үйлдсэний туурга хомс буюу модны үзүүрээр дүрсийг бичсэн тэдгээр бүгд бодь хутгийг олох болой.

Бурханы суврага тэдгээрийг хэн бээр тахьсан хийгээд их эрдэнийн суврага мянган тоот хэмээвээс алин бээр бурхан түүний суврага нугуудыг элсний цогцсоор үйлдсэн ч тэр нугууд бээр бодийг олох болой.

Утгыг алдагдуулахгүйн тулд номон дээрхийг засваргүйгээр хуулан бичлээ. Суврага бүтээхэд 9 эрдэнэ, хадаг тахимлаг, бурхан шүтээнээс авахуулаад өчнөөн зүйл ордог болохоор Бурхан шүтэх тухай бас бичигдсэн бололтой.

Tuesday, December 18, 2012

ХУУЧИН СҮМИЙН БУУРИН ДЭЭР

Нэг их гоё цэмцгэр цав цагаан байшин байна. Тулж очвол Буддын сургаалыг түгээх сүм гэжээ. Шат нэн намхан өргөн бөгөөд гадуур нь явсан хүн ороод гармаар ойрхон санагдах аж. 

Орлоо. 

Цэлийсэн том үүдэн хэсэгт Будда Сидхартийн хөргийг неореализмийн аргаар бүтээсэн гайхам сайхан хөрөг өлгөжээ. Эгц дороос нь бүдэг хөх өнгийн лазерийн гэрлэн зул тусгасан нь уран зургийн бичлэг болоод өнгийг нэн тод болгоно. Үүдний 2 талаар тач скринтэй олон лавлахууд ярайна. 

Сидхартиын хөргийн хажуу ар талаас шилэн хаалганы цаана олон том жижиг өрөө байх нь лекц, хэлэлцүүлэг, мультимедиа үзүүлбэр, эрт бөгөөд орчин үеийн номын уншлагын өрөөнүүд ажээ. Сүмийн хаалгаар орохоос эхлээд л цагаан уул цэцгийн зөөлөн гүн үнэр эндхийн хэм чийгшлийг нь кондишиноор тааруулсан агаарт хаанаас ч юм зөөлөн үнэртэх нь хээр талд зуны дунд сарын өдрүүд мэт. Гэрэлтүүлэг ч гэсэн үнэтэй том люкстерүүд харагдахгүй мөртлөө энэ сүмийн адарын хамгийн холын булан ч нэг л зөөлөн цагаан туяанд сүлэгдэн байх нь гарцаагүй орчин үеийн сайн дизайнерийн ажил гэдгийг илтгэнэ.

Сайн дурынхан бололтой эмгэн өвгөн хоёр надаас “миний хүү ямар ажил хэргээр явна” гэж асуулаа. Зүгээр сонирхоод ороод ирлээ гэвэл над ам уралдан тайлбарлаж байнаа. Чи өөрөө авто лавлахаас үзэх үү бид хоёрын нэг нь дагуулж чамд газарчилах уу гэнэ. Би нэрэлхээд за лавлах компьютерээс үзье гэсэнд хүү минь дандаа ирж байгаарай, 24 цаг нээлттэй шүү, ядарч зүдэрч явбал хонож өнжиж ч болно, сэтгэл санаа тавгүй бол ухаарал тайвширалаа олно шүү гэж байна. 

Би дотроо лам бололтой хүн харагдах нь уу гэж ажиглах боловч миний мэдэх улаан ягаан хувцастан нүдэнд торсонгүй. Тэгэхээр хоёр хөгшинөөс:

- Лам нар нь хаачаа вэ? гэсэн чинь эмгэн нь: 

- Дээр үеийнх шиг лам хайгаад байвал яг тийм ч хүн байхгүй ээ. Гэхдээ миний хүүд ямар хүн хэрэгтэй юм бэ гэж байна. 

Би дэмий нэрэлхээд хийморийн сан тавиулья, бас доржзодва уншуулъя гэлээ. Эмгэн инээмсэглээд: 

- Хийморийн сан ч үнэхээр сайхан хийморь сэргээх зохиол шүү. Чи зөвхөн сонсох гэж байвал Өндөр гэгээний анхны айлдсан хэлбэрээр нь ардын жүжигчин Равдангийн уншсанаар сонсож сэргэж болно. 13а танхимд компьютер дээрээс миний хүү өөрөө ол. Сайн SONY, стерео чихэвч хамт байгаа. Харин утга агуулгынх нь юм уу хэл найруулгын тухай хэлэлцүүлэгт орно гэвэл ресепшн дээр нэрээ бичүүлээд ойрын хэлэлцүүлгийн цагийн хуваарь хар, орчин үеийн монгол хэлээр хөрвүүлсэн нь тэр хажуугийн номын мухлагт эсвэл номын санд байгаа, эртний Өндөр гэгээний гар бичмэл, Төвд, Англи орчуулгыг нь сонирхвол номын санд ор, цаасаар нь үзэх үү, файлаар нь авах уу гээд явж өгч байнаа. 

Өвгөн тэгсэн бас мөчөөгөө өгөхгүй: 

- Хүү минь Доржзодва үзнэ гэхийг бодоход нилээн судалсан сүрхий хүүхэд байх нь гэж ирээд л бас баахан лекц, хэлэлцүүлэг, маргаан, эрт одоогийн Монгол, Төвд, Англи хэвлэлийг нь аль өрөөнөөс яаж олохыг зааж эхэлсэнд би ч сандран хоёр идэвхтэй хөгшнөөс салахын түүс болов.

Тэгээд цааш явж үзлээ. Гаднаасаа гайгүй 3 давхар жижиг байшин харагдаад байсан чинь дотроо бол нилээн зайтай олон хүн амьтан хөлхсөн их том юмаа. Хэлэлцүүлгийн өрөөнүүдээс нэгнийх нь үүдийг татан орвол арваад хүн хагас тойрон жижиг сандал ширээнд сууж ээлжлэн бодол саналаа ярьж маргах аж. Жаахан сонсвол мань мэтийн мэдлэгээс арай л дээгүүр яриад байх шиг. Их сургуулийн физикийн багш нар, буддын түүх судлаач, философийн хүрээлэнгийн ажилтан, хөдөөнөөс ирсэн малчин, оюутан ч гэх шиг хүмүүс, мөн нэг жийнс, футболктой өөрийгөө гавжийн зэрэг хамгаалах гэж байгаа гэх 20-оод насны залуутай нилээн халуун маргаан өрнүүлж байнаа. Жиинстэй залуу лам: 

- Материйн хамгийн жижиг хэсгүүд хүртэл зөвхөн бөөм кваркийн төлвөөс гадна долгион төлөвт шилжиж чаддаг гэсэн орчин үеийн физикийн шинжлэх ухааны ойлголтонд Нагаржуна өөрийн цаг үедээ австракт оюун дүгнэлтээр хүрсэн нь хоосон чанар юм гэж байнаа. 

Тэгсэн физикийн багш: 

- Наадах чинь хэт өнгөц нимгэн ойлголт байна. Аливаа матери антиматеритай байдаг. Энэ 2 эсрэг материйн хооронд үргэлж 0 байна. Энэ 0 бол хар нүхийг хэлж байгаа юм биш. Бүр тусдаа. Матери антиматери байгаа бүх ертөнцийн цэг бүрт, мөн ертөнц даяар байна. Гэхдээ нэг л 0 юм. Энэ 0 төлөвт орвол ертөнцийн хаана ч бодлын төдийд матери юм уу антиматери байгаа дурын газар хүрч болно. Үүнийг л хоосон чанар гэнэ хэмээн том LCD дэлгэц дээр зурж тайлбарлалаа. Философийн багш залуу: 

- Хоосон чанарыг бүү материалжуул. Яг Нагаржуна багшийн сургаалаар энэ чинь юмс үзэгдлийн мөн чанар ба хүлээн авах бидний тусгал сэтгэлгээ, логик дүгнэлт хийх аргачлалын онолын ерөнхийлөл болохоос ганц физикийн шинжлэх ухаан гэж жижигрүүлж хэрэггүй гээд бут авлаа. 

Тэгсэн нэг математикч залуу Нагаржунагийн 8 үгүйсгэл бол арай дутуу, яг логикийн онолоор бол энэ үгүйсгэл хязгааргүй үргэлжлэх ёстой гээд засварлаж байх юм.

Би, за энэ ч арай том ангид нь орчихжээ гэж бодоод сэмхэн гарч лекцийн зааланд орвол харьцангуй том зааланд зуугаад хүн чихэвч зүүчихсэн нэг залуухан Америк хүүхний яриаг анхааран сонсож зарим нь тэмдэглэл хөтөлж байна. Намайг ороход ч бас нэг зузаавтар дэвтэр үзэг өглөө. Нээгээд үзвэл дэвтрийн хуудасны зүүн талд нь Зонховын Бодь мөрийн зэргийн эхний боть орчин цагийн Монгол хэлээр байх бөгөөд хуудасны баруун талын хоосон хэсэгт илтгэгчийн ярианаас тэмдэглэх эсвэл асуулт, ойлгоогүй зүйл, бодол, эргэлзсэн санаагаа тэмдэглэх ёстой юм байна. 

Энэтхэгийн Шашины их сургуулийн багш гэх энэ Америк хүүхэн 5-р бүлэг бясалгах журмын бэлтгэл хэсгийг өөрийн болон, эртний мэргэд, орчин үеийн найз нөхдийнхөө жишээн дээр баяжуулан энгийн тайлбарлаж байнаа. Нэг хүн илтгэгчээс асууж байна: 

- Буддагийн тааллын шүтээнүүдийг засна, тахил бэлтгэнэ гэхээр заавал Буддагийн эртний цутгамал сэрэг дүр, 8 тахил бэлтгэнэ гэсэн үг үү? Илтгэгч: 

- Заавал хуучин дүр байх албагүй ээ. Юуны өмнө яг таны сэтгэлд Сидхарта яаж төсөөлөгддөг вэ. Магадгүй таны сэтгэлд буудаг тэр Будда хүүхэд үеийнхээ гэнэн томоогүй дүрээр ч байж болно. Эсвэл бадарчлан явж байгаа дүр ч байж болно. Гэхдээ ихэнх хүмүүс яагаад ч юм түүний бясалгал хийж мацаг барьж байсан үеийг юм уу, өндөр настай өвгөн багш сургаалаа айлдаж байх үеийг төсөөлөх дуртай байдаг. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэлд байдагтай ойрхон тийм зураг, фото, баримал, магадгүй австракт уран зураг ч байж болно, тийм л Буддаг бясалгал хийх өрөөндөө, өмнөө байлгавал төвлөрөхөд амар байх болов уу гэж байнаа.

Би дараагийн танхимд орвол цахим номын сан ажээ. Нэг компьютерт нь орж үзвэл 27 инчийн том дэлгэц дээр Буддын сургаалын эртний ном судар, түүхэн газруудаас авахуулаад орчин үеийн Монгол хэл дээрхи мульти медиа танилцуулга, интернэтийн интерактив сургалт хүртэл бүгд байх юм. Надад их сонирхолтой санагдсан нь интернэтийн монгол хэл дээрхи олон хэлэлцүүлгийн блогууд байлаа. Бүх л сэдвээр: 

- Сидхартагийн намтар, түүхийн маргаантай хэсгээс эхлээд орчин үеийн физикийн туршилт, онолын тааврууд хүртэл орсон байх юм.

Харин эртний ном судрын хэсэг нь нэлээн хатуу дэг журамтай бөгөөд зарим нэн ховор номыг зөвхөн Монголын Соёлын Сангийн тусгай зөвшөөрлөөр, мэргэжлийн номын санчийн дэргэд, зааврынх нь дагуу тусгай орчинтой өрөөнд үзэж болох юм байна. Харин файл нь бол үнэгүй. Бүр энд ирэх ч хэрэггүй интернэтээр үнэгүй татаж авч болох ажээ. Буддын сургаалын их алдартай судлаачдын лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үед болсон нэлээн сенсацитай маргаан мэтгэлцээнүүд ч бас блү-рэйгээр байж байнаа. Би сонирхоод Лалын сүфи урсгалын нэгэн нэрт судлаач, МУИС-н цөмийн физикийн эрдэмтэн, гүн бясалгал хийгээд саяхан дууссан нэг залуу лам гурвын сэтгэлийн төлөв байдлуудын тухай их сонирхолтой мэтгэлцээн, ном хаясан бичлэгийг авлаа.

Сүмийн ард маш том цэцэрлэгтэй бөгөөд Дэлхийн хойд бүслүүрт ургадаг бүх л ургамал энд байх шиг. Эрт галавын ойд орсон ч юм шиг нэн таатай. Моддын хоорондуур бор гөрөөс, буга, хандгай өтгөн ургасан өвсөнд бэлчиж цөөрмийн уснаас уун зогсох үзэгдэнэ. Цэцэрлэгийн эргэн тойрон жижиг 1-2 давхар байшингууд байх нь сүмийн дэргэдэх буяны эмнэлэг, ядуусыг усанд оруулж ундлах газар, өнчин хүүхдүүдийг асрах цэцэрлэг сургууль юм байна. Тэдэнд үйлчлэх сайн дурынхан буян хийх өдрөө бүртгүүлээд хуваарьт өдрөө ирж ажилладаг гэнэ. Хагас жилийн өмнөөс бүртгүүлэхгүй бол хуваарьт орох амаргүй, удаан хүлээдэг гэнэ. Сайн дурынхан цөм цав цагаан Монгол дээл өмссөн нь нэг л хүндэтгэл төрөм харагдана. Цэцэрлэг дотуур болон сүмийн ар ханаар эрт эдүгэгийн Энэтхэг, Монгол, Төвд дорно дахины олон мэргэдийн боржин баримлууд бүтээлчдийнхээ ур чадвараар амилсан мэт эгнэн харагдана.

Эргээд сүмийн гол барилга руу орлоо. 

Гэвч, яагаад ч юм багаас төсөөлж сурсан хуучин сүмийн бараан, харанхуйвтар модон барилга, олон зууны турш шингэсэн шар тос, хир даагины үнэр, утаа тортог, аалзны шүлс, зулын гэрэлд сүүмэлзэх сүрлэг алтан бурхадын аймшигт догшин нүүр царай, Төвд хэлээр дүнгэнэх рэп үглээ шиг уншлага, хонины махны үнэр ханхалсан халзан толгойтой банди нар, бүрээ бишгүүр, хонх дамарын танил дуу хаа нэгтээ үгүйлэгдэх ч шиг. 

Аль 15-р зуунд Зонховын тогтоосон дэг жаяг сан. Арга ч үгүй юм уудаа, цаг нь ирж.

Сүмийн гол хаалганы довжоо намхаан 4 шаттай бөгөөд цагаан гантиг шат болгон дээр Будда Сидхартагийн гайхалтай энгийн нээлт 4 үнэнийг бичжээ: 

  1. Зовлонгийн үнэн: Хүний амьдрал бол зовлон (үхэл, өвчин, хөгшрөлт, хүссэн бүхэн үл биелэх), 
  2. Зовлонгийн шалтгааны үнэн: Зовлон нь хүсэл шуналаас үүсдэг, ялангуяа бие сэтгэлийн хангаж үл барам хүсэл шуналаас. 
  3. Зовлонгийн шалтгаанаас салах үнэн: Зовлон үүсгэх шалтгааныг буюу хүсэл шуналыг таславал үр дүн нь ч, зовлон нь ч арилна. 
  4. Зовлонгийн шалтгаанаас салах замын үнэн: Хүсэл шуналаас салах буюу зовлонг үүсгэгч шалтгаанаас салахын тулд 8 гишүүнт замаар амьдрах ёстой. Зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв ааш, зөв амьдралын хэвшил, зөв тэмүүлэл, зөв бясалгал, зөв сэтгэл. Би 3 дахь шатан дээр бодол болон удаан суулаа.
Тэгээд нэг л мэдэхэд цэмцгэр цагаан сүмээс сэтгэлдээ нэг л зөөлөн гэгээтэй алхаад гарч байлаа.  

Б.Болдсайхан эмч 2009-5-24

МААНИЙН ЗУРГААН ҮСГИЙН УТГА

“УМ МА НИ БАД МЭ ХУМ” гэдэг тарнийг уншихын ач тус цаглашгүй их бөгөөд уншиж олон удаа тоолон суухын сацуу утгыг нь заавал бодох тун чухал юм шүү. Маанийн энэ зургаан үсэгт гүн болоод өргөн дэлгэр утга агуулагдаж байдаг.

Зургаан үсгийн эхний УМ үсэг нь А, Ү, Ма гэсэн гурван үсгийн нийлбэр юм. Эдгээр гурван үсэг нь маанийн утганд суралцаж буй хүний ариусаагүй бие, хэл, сэтгэл хийгээд мөн тэрчлэн төгс гэгээрсэн Бурханы ариуссан лагшин, зарлиг, тааллыг бэлэгдэж байдаг. Ариусаагүй бие, хэл, сэтгэл гурвыг ариуссан бие, хэл, сэтгэл гуравт хувилгах боломж бий эсэх дээр эргэлзсэн, энэ хоёрыг угаасаа харш, тусдаа ойлголт байх гэсэн бодол зарим хүнд төрж магадгүй юм. Бурхан бүгд урьд нэгэн цагт бидэнтэй ялгаагүй эгэл амьтан байжээ. Тэд зөвхөн гэгээрлийн мөрд орж алхам алхмаар өөд дэвшин бодь гэгээрлийн түвшинд хүрснээс бус угаасаа, анхнаасаа огт гэмгүй, төгс эрдэмтэй байсан гэж бид үздэггүй. Ариуссан бие, хэл, сэтгэл нь ариусаагүй гэмийн хирийг шат дараалан цэвэрлэсээр арилсан чанар буюу ариусалд хүрсэн хэрэг юм. Ариусалд хэрхэн хүрэх зам мөрийг удаах дөрвөн үсгээр бэлэгдэн харуулсныг тайлбарлавал:

МА-НИ үсгийн утга нь ЧАНДМАНЬ гэж буй бөгөөд аргын тал болох бодийн сэтгэл, энэрэл, хайрыг үүгээр бэлэгдсэн байна. Чингэхдээ чандмань эрдэнэд байдаг үгүйрэл хоосролыг арилгах үнэт чанараар бодь сэтгэлд агуулагдах сансар, нирвааны гутамшиг доройтлыг үгүй болгох эрдэм чадлыг төлөөлөн харуулжээ. Бас чандмань эрдэнэ аливаа хүмүүний эгээрэл хүслийг биелүүлдгийн нэгэн адил бодь сэтгэл ч мөн амьтны эгээрсэн хүслийг гүйцэлдүүлж чаддаг.

БАД-МЭ гэсэн хоёр үсэг нийлээд лянхуа цэцэг гэсэн үг болно. Энэ бол билиг оюуныг бэлэгдэж буй юм. Лянхуа цэцэг балчиг шавраас ургавч шаврын буртаг гэмийг өөртөө халдаалгүй цэвэр цэмцгэр ургадаг бол билиг оюунд ч бас хүнийг аливаа харш нөхцөл байдлаас ангид байлгах чадал байдаг. Хэрвээ билиг оюунаар хомс бол аливаа юмны зүйг ололгүй хооронд нь харшлуулсаар байх болно. Билиг оюуныг ялган өгүүлбэл:

  1. Мөнх бусыг онох 
  2. Бодгалийг бие даасан чанараар, эсвэл эдлиг чанараар хоосон гэж онох 
  3. Тусгал, тусагдахуун хоёр ангид чанараар хоосон гэдгийг онох буюу хоёр хоосныг онох билиг оюун гэх мэтээр адилгүй олон төрөл зүйлд хуваадаг. 
Эдгээрээс хамгийн чухал нь хоосон чанарыг онох билиг оюун юм.

Сүүлийн ХУМ үсэг нь салшгүй нэгдмэл чанарыг бэлэгдэн харуулна. Энэ нь сэтгэлийнхээ гэмийг ариусгахад арга билгийн салшгүй нэгдмэл чанарыг ашиглах ёстойг зааж буй юм. Судрын ёсонд салшгүй арга билиг гэдэг ойлголтыг аргад автуулсан билиг, билигт автуулсан арга гэж сургадаг бол тарнийн ёс буюу дандарын хөлгөнд сая өгүүлсэн маань арга билгийн салгаж болшгүй нэгдмэл, цогц бүрэн, нэг бүхэл чанар гэсэн ойлголттой байдаг. Бурханы хөрөнгө үсэг болох талаасаа ХУМ нь язгуурын таван бурханы нэг, юунд ч сэтгэл хямрашгүй, үл хөдлөх “Агшобхя” бурханы хөрөнгө үсэг юм. 


Тиймээс “УМ МА НИ БАД МЭ ХУМ” хэмээх маанийн зургаан үсгийн товч утга нь "Салшгүй арга, билгийн мөрийг даган суралцаж, арилаагүй бие, хэл, сэтгэл гурваа ариуссан бурханы лагшин, зарлиг, тааллын чанарт хувилган чадах боломж"-ийг харуулжээ. Бурханы хутгийг бодгалиуд гаднаас хайх хэрэггүй харин бурхан болох уг, шалтгаан буюу үр хөрөнгө нь тэр бодгалийн сэтгэлд буй гэж номложээ. 

Ариун Богд Майдар их хөлгөний “Үттаратантра” шаштиртаа: "Бүхий л амьтны сэтгэлд байгалиас угаас заяасан бурханы язгуур байдаг" гэж айлдсан юм. Тийм учраас бүрэн төгс бурханы мөн чанарыг бүтээн бий болгох ариун хөрөнгө “Түүнчлэн ажирсны шим” бидний сэтгэлд байгаа билээ.

Дээрхийн Гэгээн XIV Далай Лам Данзанжамц

ЗУЛ ӨРГӨХ ЁСОН



Эрт дээр үеэс Монголчууд орой бүр зул өргөн тахил үйлддэг байсан ба сар бүрийн шинийн 8, 15, 30-нд 1, 3, 7, 21, 108-аар зул өргөж, мөн нас нөгчигчсдийн хойтын буяныг арвижуулахын үүднээс зулыг олон тоогоор өргөх зан үйлийг эрхэмлэн хийж ирсэн байдаг.

Зулыг өргөх, зулын гол ороох, зул цутгах зэрэгт та гараа ариутгасан байхаас гадна зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх үүднээс амны хаалт зүүж болох ба бусад хэрэглэгдэх зүйлсэд ч аль болох хир халдаалгүй, цэвэр гүйцэтгэх ёстой. Зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтрааж огт болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах ба зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна.

Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу ҮРИЙН ТОС байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал. 

Зулыг өргөхдөө нүгэлгүй тосоор өргөхийг санууштай. Шар тос бол малын сүүнээс гарган авсан нүгэлгүй тос, харин сүүлний тос зэрэг нь малыг муулснаас авсан учир нүгэлт тос гэдгийг ухаарууштай.

Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. “Ум аа хум” хэмээх тарнийг сэтгэлдээ урин нар зөв ороох ба зулын голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй. Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учраас бүх зүйл ариун байх ёстойг эрхэмлэн санууштай. Мөн голыг нь ороох үедээ Бурханы өмнө наминчлан, хүмүүстэй ярилгүй, сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж, эрхэм гурван эрдэнэд залбиран бодоорой. 

Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэж үздэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна.

Ороон имэрсэн голоо цөгцний голд шигтгэн тосоо цутгана. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээ хүртэл хийнэ.

Зулаа өргөхийн өмнө хамаг амьтны зовлонг хоцроолгүй арилгах болтугай гээд, “Ум аа хум” хэмээх тариныг олон удаа бодохын сацуу “Ус зула зула бра зула суухаа” хэмээх тарнийг 7 удаа уншихад илүү төгөлдөрших болой

Шүдэнзээр болон бусад шашины бус хэрэглэгдэхүүнүүдээр асааж болохгүй, харин зулыг хүжиндээ гал дүрэлзүүлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй. Зулыг салхи цохихооргүй нам дор бус байрлалд, бурхан номын өмнө өргөвөл зохимжтой. 

Гэрэлт зулыг бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр лам гурван эрдэнэд залбирч өргөхөөс гадна муйхарын 3000 түнэр харанхуйг (муу санаа, архи тамхи, алаан хядаан, хулгай дээрэм гэх мэт) зайлуулан гэгээн буяныг арвижуулж, гэмт нүглийг нимгэрүүлэхийн сацуу бурхан шүтээн бүгдийг баясгаж, улмаар хүний сэтгэл зүрхийг ариусгах болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодох учиртай. Мөн олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэн өргөвөл буян тань мянга, түм болж арвидан ирэх болно.

Зул нь заавал том алт мөнгөн цөгцтэй байх албагүй. Гагцхүү таны сэтгэл, сүжиг шингэсэн хамгийн ариун сэтгэл, зүрхний гэрэл гэдгийг бодох хэрэгтэй. 

Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан, худал, хулгай зэрэг бузар булайгүй байхыг анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож байх ёстой. Зул барилцсан, зул өргөсөн зэрэг нь хамгийн ариун тангараг өргөсөн гэсэн үг. Ийм хүн худал хэлэх, хулгай хийх, улай үзэх, мууд дурлах нь тэнгэр ниргэсэн мэт болно. 

Зулыг өдөр бүр өргөвөл сайн. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. 

Зулын 25-нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргагүй. Сар бүрийн шинийн найманд, мөн шинийн 15-ны өдрүүдэд зул өргөж, мах идэлгүй, буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их болой.

ЗУЛ ӨРГӨСНИЙ 10 ТУС ЭРДЭМ
  1. Ертөнцөд зул мэт болно. 
  2. Машид ариун махан нүдийг олно. 
  3. Машид ариун тэнгэрийн нүдийг олно. 
  4. Буян нүглүүдийн ном, сургаалийг мэдэх болно. 
  5. Үл мэдэгч ба мунхагийн харанхуй арилна. 
  6. Билэг ухаан төгөлдөр болно.
  7. Тэр орчлонд зорчих цагт мунхагт үл оршино. 
  8. Эд бараа арвижна. 
  9. Өндөр язгуурт төрнө. 
  10. Маш богино хугацаанд илт туулсан бурхан болно.
ЗУЛЫН ГЭРЛЭЭР ШИНЖИХҮЙ
  1. Айлзан шатваас ариун урт наслах, сайн нэр нэмэх 
  2. Мухар моголцог цагаан шатваас арвин урт наслах 
  3. Мухар цагаан цэцэг мэт шатваас нас буян тогтох 
  4. Үзүүр цагаан, хязгаар улаан шатваас сүсэг бишрэл дэлгэрэх 
  5. Дөл нь хоёр үзүүртэй шатваас хүсэл бүтэх 
  6. Гэрэлгүй, их утаатай, жалав жалав гэж шатваас буртаг хилэнц, дээрэм болох 
  7. Шаржигнаж шатваас дайсан ад өдөж, эд ховор хомс болох 
  8. Гэрэлгүй тасархай шатваас дайсан үтэр ирэх 
  9. Гэрэлгүй эхний үзүүр мэт хэлбэртэй шатаж хар үнс их болбоос, өвчнөөр хүн үхэх, амин ахар болох 
  10. Гялав гялав гэж шатваас сэтгэл санаагаар зовох, хүн гэнэт үхэхийн нягуур
  11. Учиргүй дүрэлзэн бөхвөөс үхэл, гай гамшиг учрах 
  12. Гол нь цэцэглэж, удаан бадарваас эзэндээ ээлтэй 
  13. Үүр цайтал бадарваас таван өдөр баярлах 
  14. Цэцэг нь гадагшаа зүглэвээс их хүнээс бичиг захиа ирэх 
  15. Долоо хоногийн турш энэ лугаа нэгэн адил асваас ноёд түшмэдэд зэрэг хэргэм, эгэл иргэдэд буян хишиг нэмэх 
  16. Дөл нь хоёр хагаран асваас их баяр хөөр болох, хэргэм зэрэг нэмэх 
  17. Цэцэг нь эрчлэн унтарваас гэрийн эзэн хол юманд явах 
  18. Цэцэг нь буурцаглаж байвал архи дарс болон манлай бүхэн үл тасрах 
  19. Цэцэг нь олон давхарлан асваас зэрэг дэвших 
  20. Цэцэг нь өндөр байвал алс холоос анир чимээ сонсох зэргээр шинждэг.